Танилцуулга

../_images/Original.png
Энэхүү систем нь цахим орчинд бүхий л төрлийн цахим үйлчилгээг авахад тухайн иргэнийг таньж баталгаажуулах боломжийг бүрдүүлэх бөгөөд хувийн хэвшил болон төрийн үйлчилгээний өөр хоорондоо харилцан хамааралгүй системүүдтэй нягт уялдаатай ажиллах боломжтой платформ бүхий систем юм. Төрийн нэгдсэн нэвтрэлтийн системд нэгдсэнээр иргэн төвтэй цахим үйлчилгээг хурдан хугацаанд, давхар зардал багатайгаар бий болгох боломж бүрдэх юм.

Уламжлалт системүүдийн сул тал

  • Систем бүр иргэний бүртгэл үүсгэн, нууц үг болон бусад мэдээллийг хадгалдаг.

  • Байнгын нууц үг ашиглах, мэдээллийн аюулгүй байдлын зөв туршлагыг хэрэгжүүлээгүй олон тооны системүүдээс үүдэн мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлдэг.

  • Иргэн бүх системүүд рүү өөрийн үүсгэсэн өөр өөр бүртгэл, нууц үг ашиглан нэвтэрч орох шаардлагатай болдог.

Нэгдсэн нэвтрэлтийн системийн давуу тал

  • Тус системийг хэрэгжүүлсэн систем нь нэр болон нууц үг хадгалах шаардлагагүй ба иргэнийг цахим орчинд таниж баталгаажуулах хөгжүүлэлтийн давхардсан зардлыг бууруулах болно.

  • Систем бүр нэгдсэн нэвтрэлтийн системийг ашигласнаар мэдээллийн аюулгүй байдлыг нэг цэгээс хянах боломж бүрдэнэ.

Иргэнийг таньж баталгаажуулах аргачлал

Тус систем нь иргэнийг цахим орчинд таньж баталгаажуулах 3 хэлбэртэй байна.

  • Тоон гарын үсэг ашиглан нэвтрэх: Монгол Улсын иргэн нь өөрийн регистрийн дугаар, Монгол Улсын нийтийн түлхүүрийн дэд бүтэц дээрээс үүсгэсэн тоон гарын үсэг ашиглан өөрийгөө цахим орчинд баталгаажуулах үйлдэл хийгдсэний дараа систем нэвтрэлтийг баталгаажуулах юм.

  • Гар утасны дугаараар нэг удаагийн нууц үг ашиглан нэвтрэх: Монгол Улсын иргэн нь өөрийн регистрийн дугаар, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг үүрэн сүлжээний оператор байгууллагуудаас олгогдсон гар утасны дугаараар хүлээж авсан нэг удаагийн нууц үг, үндсэн нууц үг ашиглан өөрийн бүртгэл болон нэвтрэлт бүрийг баталгаажуулах юм.

  • Үндэсний цахим шуудангийн систем ашиглан нэвтрэх: Монгол улсын иргэн нь өөрийн регистрийн дугаар, үндсэн нууц үг болон үндэсний цахим шууданд хүлээн авсан нэг удаагийн нууц үг ашиглан баталгаажуулах боломжтой юм.

Төрийн нэгдсэн нэвтрэлтийн систем нь иргэнийг таньж баталгаажуулсны дараа “ХУР” системээс татсан иргэний үнэмлэхний мэдээлэл болон нэвтрэлтийн хэлбэрийг үйлчилгээний системд дамжуулах ба үйлчилгээний систем нь баталгаажуулалтын хэлбэрээс хамаарч үйлчилгээний цар хүрээг хязгаарлах шаардлагатай юм. Жишээ нь: Иргэн гэрээ зурах системд Төрийн нэгдсэн нэвтрэлтийн систем ашиглан нэвтрэх бол зөвхөн тоон гарын үсэг ашиглах шаардлагатай бол лавлагаа үйлчилгээнд бусад 2 төрлийн баталгаажуулалтын хэлбэрийг сонгох шаардлагатай болно.